Түүхэн товчоо

   Монгол Улсад Нисэх Загварын Спорт

 үүсч хөгжсөн түүхэн замнал.

   Монгол улсад 1965 онд БНМАУ-ын Гэгээрлийн Яамны шийдвэрээр Улаанбаатар хотод Монголын Пионер Сурагчдын Ордон (МПСО) /одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв/ техник загварын дугуйлан хичээллэж эхэлснээр Нисэх загварын спорт албан ёсоор үүсч хөгжсөн гэж үздэг.

  

   Үүнээс өмнө манай орны зүүн хязгаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ажиллаж, амьдарч байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд нисэх онгоцны загвар хөөргөж, нисгэдэг байсан нь монгол хүүхэд залуучуудын сонирхлыг татаж, загвар зохион бүтээх хичээл заалгаж, хамт хичээллэж эхэлсэн байдаг. Тэдгээр хүүхэд залуучуудын нэг нь хэл уран зохиолын багш Х.Дашдорж билээ.

   Х.Дашдорж багш Зөвлөлтийн мэргэжилтэн Спортын мастер Яковлев Олег Петровичийн хамт МПСО-ны нисэх загварын ууган багш болж техник загварын дугуйланг удирдан явуулж, олон зуун шавьтай болж тэдний дундаас залгамж халаа багш, дасгалжуулагч, тамирчид олноор төрөн гарсан юм.

   1970 онд Хүүхэд залуучуудын паркад Идэр Техникчдийн Станц байгуулагдаж нисэх загварын дугуйланд мэргэжилтэн багшаар Ф.Олшевский, багшаар н.Болд, Д.Мягмардорж анхны нисэх загварчдын нэг Д.Бэхбат нар ажиллаж байв. Энэ үеэс хот, улсын чанартай тэмцээн тогтмол зохион байгуулагдах болж, Югослав, Болгар зэрэг улсад зохиогдсон социалист орнуудын хүүхдийн техник спортын олон улсын тэмцээнд тамирчин Ш.Төмөрхүү, П.Баяр, Х.Болдбаатар нар оролцож анх удаа  медаль хүртсэн бөгөөд насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцож F1C хугацаат нислэгийн төрлөөр Б.Эрдэнэчулуун мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

   

   1975 онд Залуу Техникчдийн ордон (ЗТО) байгуулагдаж Нисэх Загварын Лабораторийн багшаар Б.Бэхбат, мэргэжилтэн багшаар И.Е.Лоцев нар ажиллаж, 1980 оноос ЗТО-ны салбар станцууд Улаанбаатар хотын 4 дүүрэг, 18 аймаг, Дархан, Эрдэнэт хотод байгуулагдсан байдаг. Залуу Техникчдийн ордонд нисэх, авто, усан загвар, радио электроник, радио чимээ, фото зураг зэрэг дугуйлан нээгдэж жилдээ 2000 гаруй хүүхэд сурагчид хичээллэж байлаа. 

   

   Мөн 1985 оноос Улсыг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Нисэх Спортын Төв Клубын харьяанд нисэх загварын дугуйлан байгуулагдаж, дасгалжуулагч багшаар нь Ш.Төмөрхүү ажиллаж байв. Багш дасгалжуулагч Ш.Төмөрхүү нисэх загварын техник, материал хэрэгслийг социалист орнуудаас захиалан авчирч, тухайн үедээ техник, материалын хангалтыг шинэ шатанд гаргасан бөгөөд нисэх загварын, ялангуяа радио удирдлагат загварын хөгжилд томоохон түлхэц өгсөн билээ.

  

   Энэ үеэс эхлэн бид хот, улсын спартакиад, аварга шалгаруулах тэмцээнээ зохион явуулж, шалгарсан тамирчид нь олон улсын тэмцээнд оролцож, Нисэх загварын спортын нэгдсэн ангиллын дүрэмтэй, улсын зэрэг цолтой тамирчид, шүүгчидтэй болцгоосон юм.

   1997 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэг “MASA”-г байгуулж, нисэх загварын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хүүхэд залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилгоо биелүүлсээр байна.

 

   Нисэх загварын спортын шинэ төрлүүдийг хөгжүүлж, нисэх загварчид, суралцагчдын хүрээг тэлж мэргэжлийн тамирчдын “Гигант”, “Скаймастерс”, “Титан”, “Шонхор” “Сансар говь”, “Шинэ зуун билэг” зэрэг Нисэх загварын спортын төрөлжсөн клубууд, Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль болон хөдөө орон нутаг, аймгийн төвд хүүхдийн дугуйлангууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Синус дочи ХХК нисэх загварын төрөлжсөн “Хобби хаус” дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа нь спортын хөгжилд бодит дэмжлэг болж байна.

   Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг Дэлхийн агаарын спортын холбоо ( FAI ) - ны Нисэх загварын комисс болон гадаад орны нисэх загварчидтай нягт холбоотой хамтран ажиллаж байна.

 

   2005 оноос олон улсын тэмцээнийг эх орондоо тогтмол зохион байгуулж эхэлсэн бөгөөд Дэлхийн агаарын спортын холбоо ( FAI ) - ны чөлөөт нислэгийн “Монголын цом”, “Азийн цом” болон жолоодлогот нислэгийн “ Улаанбаатар цом” зэрэг дэлхийн цомын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.    Чөлөөт нислэгийн Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах анхны болон хоёр дахь тэмцээнүүдийг 2012, 2014 онд эх орондоо зохион байгуулж, манай улсаас тивийн 5 аварга тамирчин төрөөд байна.

    2015 онд “Дэлхийн Агаарын Спортын Холбоо”-ны албан ёсны “А” зэрэглэлтэй 40 гаруй улс орон оролцдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Ази тивд анх удаа, эх орондоо амжилттай зохион байгуулж, F1B төрлөөр манай анхны дэлхий аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ М.Гонгор төрөн гарч, ОУХМ Б.Эрдэнэбат ахлагчтай шигшээ баг тамирчид мөнгөн медаль хүртэж байлаа.

  

   2022 онд Польш улсад зохиогдсон “Дэлхийн Агаарын Спортын Холбоо”-ны албан ёсны “А” зэрэглэлтэй жолоодлогот нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уран нислэгийн F2B төрөлд тамирчин Н.Номин мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг гаргаад байна.